Эцэг эхчүүд хүүхдээ хичээл хийдэг машин мэт үзэж болохгүй. Тэд амрах, зугаалах, найз нартайгаа уулзах шаардлагатай. Ийм юм байхгүй бол хүүхэд баяр хөөртэй байж чадахгүй тул хичээлдээ өөрийгөө зориулж чадахгүй. Тэдэнд байнга "Хичээл хийх хэрэгтэй" гэж хэлэх нь хичээл хийхээс хөндийрүүлэх талтай тулд хичээл хийсэн үед нь баяр хүргэж, амжилт хүсэх, түүнд таалагддаг зан харьцааг бий болгох хэрэгтэй. Хичээлээ хийхийг яаж тэдний дадал болгох вэ? Хүүхэд хичээл хийхийг дадал болгохын тулд гэр бүлийн амьдрал нь түүний хичээл хийх хуваарьтай зохицож байхаас ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийн хичээл хийх цаг нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх, тухайлбал оройн хоол идэхтэй давхцахгүй байххэрэгтэй. Гэр бүл нь хүүхдэд бүрдүүлж өгч буй ямар нэг боломжоор л амжилтад хүрдэг гэж бодох нь буруу. Түүнийг хичээл хийхийн тулд ээж, аав нь өгөөмөр байх хэрэгтэй. Тэднийг үр бүтээлтэй хичээл хийхийн тулд ээж, аав нь зурагтаа унтраах, шуугилдахгүй байх хэрэгтэй. Эдгээрийг хийвэл ээж аавдаа гэсэн хайр нь нэмэгдэх болно. Тэднийг улам хайрлаж өөрөө ч аз, жаргалтай болдог. Харин аз, жаргалтай, баяр хөөртэй хүн амжилтад улам ойрхон байдаг. Хүүхдийн хамгийн том асуудлын нэг нь хичээл хийж чадахгүй байх явдал юм. Энэ нь "Би яагаад хичээл хийх ёстой гэж?" хэмээх асуултад зөв хариулт олж чадахгүй байгаагаас шалтгаалдаг. Учир шалтгаангүй үйлдэл хэрэгждэггүй. Яагаад хичээл хийх ёстойгоо хүүхэд мэдэх ёстой. Хүний амьдралын хамгийн том гарз өнгөрсөн амьдралаа эргэн бодож "Тэгэхгүй яав даа" гэх явдал байдаг. "Хичээлээ уншихгүй яав даа", "Тэр ажлын саналыг хүлээн авахгүй яав даа", "Ийм зан гаргадаггүй л байж. Ийм зүйл болоогүй байсан ч болоосой" хэмээн ярих хүмүүстэй бид үе үе тааралдцаг. Эдгээр болон эдгээртэй төстэй үгс нь өмнө нь болж өнгөрсөн ямар нэг зүйлд харамсаж буй явдал юм. Амьдралдаа амжилтад хүрэхийн тулд өөрийн гэсэн зорилго тодорхойлох нь хэр чухал байна, зорилгодоо хүрэхийн тулд хичээх нь мөн адил чухал байдаг. "Тэгэхгүй яав даа" гэсэн үг нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хангалттай оролдлого хийгээгүй, хичээгээгүй хүний үгс билээ. Мөн эдгээр үгс нь амжилтгүй байдлын ч илэрхийлэл байдаг. Ирээдүйд хүүхэд тань ирээдүйд "Тэгэхгүй яав даа" гэж харамсахгүй байхыг хүсвэл түүнд яагаад хичээл хийх хэрэгтэй болохыг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийн хичээл хийх учир шалтгаан нь их дээд сургуульд орж ямар нэг маргэжилтэй болох явдал билээ. Мөн үүнээс гадна амьдрах, амьдралынхаа зорилгод хүрэх явдал байдаг. Амьдралынхаа зорилгод хүрэх зам их, дээд сургуулиар дамжих бол их дээд сургуульд орох зам нь хичээл хийснээр дамждаг болохыг сануулж байх хэрэгтэй. Тэдэнд өөрсдийн ирээдүйг төлөвлөх эрх, боломж байгааг мэдэгдэх хэрэгтэй. Тэднээс ирээдүйд юу болохыг хүсч буй, хэрхэн яаж амьдрахыг мөрөөддөг болохыг мэдэх хэрэгтэй. Хэрхэн хичээл хийх орчин бүрдүүлэх вэ? Хүүхэд амжилтад хүрэхэд хичээл хийх орчинг үр, өгөөжтэй бүрдүүлэхтэй холбоотой. Орчин нь хүнийг хичээл хийхэд татагдах сэтгэл санааны болон физик шинж чанартай байх хэрэгтэй. Тэрхүү орчинд хичээл хийхэд шаардлагатай дэвтэр, номоос эхлээд бүхий л хэрэгцээт зүйлс байх ёстой. Мен үүнээс гадна түүнийг хичээлд татах сэтгэл санааны сайхан уур амьсгал бүрдсэн байх шаардлагатай. Өрөө нь цэвэрхэн, бүх зүйлс нь замбраатай, хичээлийн хуваарь нь харагдахуйц газар өлгеөтэй, агааржуулсан байх нь хүүхэд баяртайгаар хичээл хийх нехцөл болдог. Сурах орчин сайхан бүрдсэн байх нь амжилтыг дагуулдаг нь нууц биш билээ. Учир нь ийм орчинд хичээл хийхэд хүүхдэд сайхан санагдах болно. Дуртай нь аргагүй хийж буй ямар ч зүйл илүү үлдэцтэй байдаг бөгөөд удаан үргэлжилдэг билээ. Хичээл хийх гэж байгаа хүүхдийн анхаарал сарних нь заримдаа түүний өөрийнх нь оюун санааны байдлаас шалтгаалдаг бол заримдаа хичээллэх орчны егөөжгүй, боломжгүй байдлаас шалтгаалдаг. Тиймээс орчин гэдэг суралцахад их нөлөөтэй байдаг. Хичээл хийхээр төлөвлөсөн хугацааг үр бүтээлтэй болгохын тулд хичээллэх орчинг тохиромжтой болгох хэрэгтэй. Хичээллэх орчинг бүрдүүлэхдээ юуны өмнө анхаарал сарниулах зүйлсийг үгүй болгох шаардлагатай. Замбараагүй, хөглөрсөн байх, хичээллэх орчинд өөр хэн нэгэн байх, чимээ шуугиан ихтэй байх зэрэг нь анхаарал сарниулдаг хүчин зүйлсийн тоонд ордог. Сууж хичээл хийх нь хүүхдийг илүү хурдан, идэвхтэй болгодог. Хичээл хийхдээ анхааралтай, идэвхтэй байх нь үүнтэй холбоотой. Учир нь ширээ нь юм бичих, хичээлдээ хэрэглэдэг дэвтэр, ном тавих болон биеийг ядраалгүйгээр хичээл хийх боломжоор хангаж өгдөг. Мөн хичээл хийдэг ширээ нь ерөений хамгийн зөв хэсэгт байрласан байх хэрэгтэй. Хаалганд ойрхон үүдэнд сууж хичээл хийдэг хүүхэд гэрт орж гарч байгаа хүмүүс, чимээ шуугианаас ихээхэн таагүйтдэг. Мөн хаалганы дэргэд байх нь хичээлээ хурдхан дуусгах хүслийг төрүүлэх талтай. Тиймээс ширээ нь хаалганы, эсвэл цонхны дэргэд байж таарахгүй. Цонхны дэргэд байгаа хүүхэд гадагшаа байн байн харах, улмаар анхаарал нь сарних талтай. Хичээл хийх ширээнээс гадна суух суудал ч чухал байдаг. Хэт өндөр ч биш, хэт нам ч биш байх ёстой. Сандал нь хүүхдийн нуруунд тохирсон байх хэрэгтэй. Гэхдээ хэт тухтай сандал, эсвэл буйдан байх нь залхуу хүргэж, улмаар хичээл хийхэд сөргөөр нөлөөлөх талтай байдаг. Тиймээс суух сандлыг нь хүүхдийнхээ онцлогт тохируулан, анхааралтай сонгох хэрэгтэй.
|